2008-04-02 14:25:26
1. Монгол улсын олон улсын гэрээнд өрөөр заагаагүй бол монгол улсад зарчих гадаадын иргэн монгол улсын виз авсан байна.
2. визийг хүчин төгөлдөр гадаад паспорт буюу түүнийг орлох хууль ёсны баримт бичигтэй гадаадын иргэнд олгоно. Визийг хавсралт хуудсан дээр олгож болно.
3. Виз нь дипломат, албан, энгийн гэсэн зэрэгтэй байна.
4. Виз нь орох, орох-гарах, гарах, гарах-орох дамжин өнөгөрөх зориулалттай нэг, хоёр, олон удаагийн гэсэн ялгаатай баэйна.
5. Виз олгох журмыг засгийн газар, визийн загварыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн засгийн газарын гишүүн батлана.
Виз олгох байгууллага
1. Визийг дараах байгууллага олгоно.
- Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага.
- Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба:
- Гадаад улсад суугаа Монгол улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар
2. Гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх олгосноор монгол улсын өргөмжит консул виз олгож болно.
Виз олгох байгууллагын эрх, үүрэг
1. гадаад хэргийн асуудал эрхэлсэн тарийн захиргааны төв байгууллага виз олгох талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
- Бүх зэрэг, зориулалтын виз олгох
- Олгогдсон визийн зэрэг, зориулалтын үндэсийг хянаж өөрчлөх:
- Виз олгохоос татгалзах, визийн хугцааг сунгах, олгосон визийн хүчингүй болгох:
- Визийн талаар нэгдсэн бүртгэл хөтөлж, холбогдох мэдээг тухай бүр албанд хүргүүлэх
2. алба нь виз олгох талаар дараахь эрх үүрэгтэй:
- Дипломат, албан зэргийн визээс бусад виз олгох асуудлыг хянан зөвшөөрөл өгөх:
- Монгол улсын олон улсын зорчигч, тээврийн хэрэгсэлийн харилцааны нээлттэй хилийн боомт дээр Монгол улсад зорчигчид орох-гарах, дамжин өнгөрөх, зайлшгүй шаардлагтай тохиолдолд гарах виз олгох:
- Монгол улсад байнгам оршин суугч, цагаач гадаадын иргэн харьяалалгүй хүнд гарах, гарах-орох виз олгох
- Хууль тогтоомжид заасан үндэслэл байвал виз олгохоос татгалзах, түүний хугцааг богиносгох, визийн хугцааг сунгах, визийн ангилалыг өөрчлөх, олгосон визийг хүчингүй болгох:
- Энэ зүйлийн 2-т заасан визийн нэгдсэн бүртгэл хөтлөх:
- Виз олгогч байгууллагуудаас ирүүлсэн визийн талаарх мэдээг нэгтгэх.
3. Монгол улсын өргөмжит консул Монгол улсад орох, орох гарах, дамжин өнгөрөх виз олгож болно.
2008-04-02 14:24:07
Тусгай хамгаалалттай газар нутаг нь төрөөс тусгайлан хамгаалагдсан газар нутгийг хэлнэ. Өөрөөр хэлбэл зарим газар нутгийг төрөөс онцгойлон үзэж, эрх зүйн тусгай журам тогтоодог. Энэ нь эрх зүйн нийтлэг журмаар бус, тусгай журам тогтоосны үндсэн дээр хамгаалалтыг сайжруулж, ашиглалтыг цохицуулах шаардлагатай газар нутаг байдагтай холбоотой юм. Үүгээрээ эрх зүйн нийтлэг журам тогтоосон ердийн газар нутгаас онцлоготой.
Төрөөс өөрийн хил хязгаарын доторхи бүх газар нутгийг эрх зүйгээр хамгаалах боловч байгалийн өвөрмөц тогтоц, төлөв байдалтай, ховордсон ургамал, амьтан, үзэсгэлэнт хэв шинж бүхий түүх, соёлын үнэт зүйлсийг агуулсан газар нутгийг хамгаалах талаар эрх зүйн нийтлэг хэм хэмжээнээс гадна тусгай хэм хэмжээ тогтоож, хэрэгжүүлэх үйл ажиллагаа явуулдаг.
Иймд тусгай хамгаалалттай газар нутаг нь экологи, байгаль хамгаалал, түүхэн уламжлал, үндэсний онцлог, нийгэм, эдийн засгийн нөхцөл зэрэг хүчин зүйлүүдтэй холбоотойгоор гарч ирсэн ойлголт юм. Хэрэв Монгол улсад газар эзэмших, ашиглах, хамгаалахтай холбогдсон харилцааг газрын тухай хууль түүнтэй нийцэж гарсан эрх зүйн бусад актаар зохицуулдаг бол тусгай хамгаалалттай газар нутгийн эрх зүйн дэглэм тогтоох, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг тусгай хамгаалалттай газар нутгийн тухай болон тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай зэрэг хуулиудаар зохицуулагдана.
Эдгээр хуулийн аль аль нь Монгол улсын үндсэн хуулийн газрын харилцааны талаархи эрх зүйн зохицуулалттай уялдаа холбоотой, түүнээс үндэслэсэн байна. Өөрөөр хэлбэл, Монгол улсын бүх газар нутаг тус улсын хууль тогтоомжоор бүхэлдээ хамгаалагдсан боловч төрийн экологи, байгаль хамгааллын бодлогын дагуу тусгайлан хамгаалах зайлшгүй шаардлагатай зарим газар нутаг тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн зохицуулалтад хамаардаг.
2008-04-02 14:21:41
Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын хувьд “Гадаад улсын харъяат мөн болохыг гэрчилсэн хууль ёсны нотолгоотой хүнийг гадаадын иргэн” гэж үздэг.
Манай улс дахь гадаадын иргэдийн эрх зүйн байдал нь “Монгол улсын нутаг дэвсгэрт хууль ёсоор оршин буй хүн бүр хууль, шүүхийн амна эрх тэгш байна” гэсэн Үндсэн хуулийн заалт болон Иргэний хууль, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу тодорхойлогдоно. Ингэхдээ хэд хэдэн үндсэн зарчим баримтална.
Тус улсын нутагт түр зорчигч буюу дамжин өнгөрөгч
“Монгол улсад 30 хүртэл хугацаагаар байгаа гадаадын иргэнийг зорчигч буюу дамжин өнгөрөгч “ гэнэ. Энд албаны шугамаар уу, хувийн шугамаар гэдэг нь гол биш.
Түр оршиг суугч
“Монгол улсад хувийн хэргээр 90 хүртэл хоногийн хугацаагаар байгаа гадаадын иргэн”.
Удаан хугацаагаар оршин суугч
1997 онд орсон нэмэлт өөрчлөлтөөр үүнийг дотор нь 2 категорид хуваасан.
А. “Засгийн газар хоорондын гэрээгээр суралцах,ажил, албан тушаал эрхлэх, гадаадын төрийн бус болон олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн удирдах бүрэлдэхүүнд ажиллах болон тэдэнтэй адилтгах албан тушаал эрхлэн 90 хоногоос дээш хугацаагаар оршин суух гадаадын иргэнийг албан хэргээр удаан хугацаагаар оршин суугч” гэнэ.
Б. “Хувийн хэргээр удаан хугацаагаар оршин суугч гэдэг нь Монгол улсад хувийн хэргээр 90 хоногоос 5 жил хүртэл хугацаагаар оршин суугаа иргэдийг “ хэлнэ.
Байнга оршин суугч
“Монгол улсын харъяат иргэнтэй гэр бүл болсон бөгөөд 90 хоногоос дээш хугацаагаар Монгол улсад оршин суугаа гадаадын иргэн”.
Цагаач
“Хувийн хэргээр Монгол улсад амьдрахаар 5 жилээс дээш хугацаагаар ирсэн гадаадын иргэнийг цагаач” гэнэ. Хувийн хэргээр удаан хугацаагаар оршин суугч, байнга оршин суугч, цагаач гадаадын иргэн нь хууль тогтоомжоор хориглосноос бусад ажил, албан тушаал эрхлэх, гадаадын байгууллагад ажиллах, аж ахуйн хэгж байгуулан үйлдвэр, үйлчилгээ явуулах эрхтэй байдаг.
2008-04-02 14:19:40
Хувь хүний иргэний эрхийн чадвар гэдэг нь тухайн орны объектив хууль тогтоомжийн дагуу зөвшөөрөгдсөн иргэний эрх, үүрэгтэй байх чадварыг хэлнэ.
Иргэний эрх зүйн чадвар нь хүнийг төрснөөр үүсэх бөгөөд оюуны чадавхи, эрүүл мэндийн байдал зэргээс шалтгаалдаггүй.
Хувь хүний эрх зүйн чадвар нь түүнийг нас барснаар, эсвэл хуулинд заасан тодорхой хугацааны турш сураггүй байсны үндсэн дээр насбарсан гэж шүүхээр зарласан, эсвэл сураггүй болсон тухай шүүхийн шийдвэр гарснаар дуусгавар болдог.
Хүнийг амьд байх үед нь иргэний эрх зүйн чадварыг нь шүүхээр хязгаарлаж болно. Тухайлвал, ямар нэг ажиллагаа, тодорхой мэргэжил эрхлэх явдлыг нь хориглох тухай шүүхийн шийдвэр гарч болно. Гэвч орчин үед шүүхээр иргэний эрх зүйн чадварыг хасах явдлыг ихэнх орны хууль тоттоомжинд зөвшөөрөхгүй байгаа.
Сураггүй бологсдыг нас барсан гэж зарлах, сурагггүй болсон тухай шүүхийн шийдвэр гарах зэрэг нь улс орон бүрт өөр өөр зхицулалттай байдаг. Тухайлвал Францад хүн хичнээн ч удаан сураггүй байсан нас барсан гэж зарлаж болдоггүй, зөвхөн сураггүй болсон тухай зарлаж болно.
Харин манай хуулиар оршин суугаа газар нь мэдэгдэхгүй 2 жил өнгөрвөл сураггүй болсон гэж зарлана. Сураггүй болсон гэж зарласнаас хойш эсвэл амь насанд нь аюул учрахуйц нөхцөл байдал өнгөрснөөс нэг жил болсон бол нас барсан тухай шүүхийн шийдвэр гарна.
Германд сураггүй бологч 25 нас хүрэхээсээ өмнө 10 жилийн турш сураггүй байх юм уу, 80 нас хүрсэн хүн 5 жилийн турш сураггүй байвал нас барсанд тооцож болдог.
2008-04-02 14:17:35
Эрх зүйн харилцаа нь нийгмийн амьдралын эрх зүйн үндсийг
тодорхойлж өгөдөг бөгөөд эрх зүйн хэм хэмжээнүүдээр зохицуулагдаж тодорхойлогдсон төрийн засаглалын дэмжлэгээр хамгаалагдаж, хангагдсан нийгмийн тодорхой төрлийн харилцаа юм.
Эрх зүйн харилцаа нь доорх шинжүүдийг агуулж байдаг.
Үүнд:
• Нэг тал нь эрх эдэлж, нөгөө тал нь үүрэг хүлээсний дүнд бий болдог харилцаа юм
• Хүсэл зоригийн шинжтэй харилцаа
• Хуулийн буюу эрх зүйн хэм хэмжээний үндсэн дээр үйлчлэн зохицуулагддаг харилцаа
• Төрийн засаглалын хүч, дэмжлэгээр баталгаатай хамгаалагдсан харилцаа зэрэг болно.
Эрхзүйн харилцаанд оролцогдод эрхзүйн чадвар, чадамжийн зохих түвшинд байх ёстой.
Эрхзүйн чадвар гэдэг хуульд заасан эрхийг эдэлж, үүрэг хүлээх ерөнхий чадварыг хэлэх ба харин эрх зүйн чадамж гэдэг нь эрх эдэлж, үүрэг хүлээх төдийгүй түүнийгээ хэрэгжүүлж, эцэст нь гарах хууль зүйн үр дагаварыг биечлэн хариуцах онцгой чадвар юм.
Хууль тогтоомжинд зааснаар эрх зүйн чадвар нь төрсөнөөс эхлэн нас эцэслэх хүртэл үргэлжилдэг.
Эрх зүйн чадамж нь тухайн улсын хуульд заасан наснаас эхэлдэг (Монгол улс 18 нас)
2008-04-02 14:11:03
Эрх зүй нь нийгмийн харилцааг зохицуулахдаа тодорхой зорилго, чиглэлтэйгээр үйлчилдэг бөгөөд орчин үед нийгмийн нийтлэг эрх ашгийн төлөө үйлчилэх болсон.
Эрх зүйн зорилго нь нийгмийн харилцааг зохицуулж түүнийг зохистойгоор хангаж, чиглүүлж өгөхөд оршидог.
Эрхзүйн агуулга нь түүний зохицуулалтын багтаамж, хүрээг хамарч хүсэл зоригийн, улс төрийн, хууль зүйн, оюун санааны гэх мэтээр ангилан үзэж болдог.
Орчин үеийн эрх зүй нь нийгмийн өмнө тавигдсан үндсэн шаардлагыг хамгийн зохистойгоор хангахад чиглэгдэнэ.
Эрх зүй нь нийгмийн үндсэн хэрэгцээ, ашиг сонирхол, эрх ашгийг зохицуулж хамгаалснаар хүн, нийгэмд бүхэлдээ нааштайгаар нөлөөлж , нийгмийн хөгжил дэвшилтэнд томоохон үүрэг гүйцэтгэж байна.
Эрх зүйн чиг үүрэг: Нийгмийн харилцаанд эрх зүйн нөлөөлөх үндсэн чиглэлийг эрх зүйн чиг үүрэг гэх бөгөөд эрх зүйн зорилгыг хангахад чиглэгдсэн хууль зүйн нөлөөллийн хүрээг тодорхойлдог.
Эрх зүйн чиг үүргийг нийгмийн амьдралын хүрээнд нөлөөлж байгаа байдал болон чиглэлээр нь:
1. Эдийн засгийн чиг үүрэг
2. Улс төрийн чиг үүрэг
3. Экологийн чиг үүрэг
4. Ёс суртахуун, оюун санааны чиг үүрэг гэж 4 хүрээнд хуваадаг.